News

“Монголын эрх зүйн тогтолцооны үндэс” хичээл нь Японы Токай бүс нутгийн улсын их сургуулуудын холбооны тэргүүний нэрэмжит “Боловсролын шилдэг туршлага” шагналыг хүртлээ

2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Японы Токай бүс нутгийн улсын их сургуулуудын холбооны тэргүүний нэрэмжит шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж, Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн “Монголын эрх зүйн тогтолцооны үндэс” хичээл нь ерөнхий эрдмийн хичээлийн төрөлд “Боловсролын шилдэг туршлага” шагналыг хүртлээ.

“Монголын эрх зүйн тогтолцооны үндэс” хичээл нь Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Мүраками Масако, Нагояагийн их сургуулийн туслах профессор Сүхбаатарын Молом нар удирдан зохион байгуулдаг цахим хичээл юм. Тус хичээлийг Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургууль, Азийн эрх зүйн солилцооны төв (Center for Asian Legal Exchange, CALE) болон Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны хичээлийн жилээс эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Нагояагийн их сургууль хамтран зааж байна.

Энэхүү хичээлийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нар япон болон англи хэлээр цахимаар зааж, Нагояагийн их сургуулийн оюутнууд Японы Нагояагийн их сургуулийн хичээлийн танхимаас онлайнаар оролцдог. Япон оюутнууд Монгол Улсын Үндсэн хууль, иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүй зэрэг салбар эрх зүйн тогтолцоог системтэйгээр суралцдаг. Мөн хичээлийн үеэр Нагояагийн их сургуулийн ахисан түвшинд суралцаж буй монгол оюутнууд Монголын нийгэм, эрх зүйн тогтолцооны талаар нэмэлт тайлбар хийдэг.

Тус хичээлийн нэг онцлог нь энэхүү хичээлийг зааж буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нарын олонх нь Нагояагийн их сургууль болон Нагояагийн их сургуулийн Монгол дахь Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн төгсөгчид юм. Нагояагийн их сургуулийн төгсөгчид эх орондоо буцаж, их сургуулийн багш, судлаач, хуульч зэрэг эрх зүйн салбарт амжилттай ажиллахын зэрэгцээ Монгол Улсаас Нагояагийн их сургуулийн оюутнуудад Монголын эрх зүйн талаар зааж байна.

Шагнал гардуулах ёслолын үеэр тус холбооны Боловсролын зөвлөлийн тэргүүн Тэрасаки Ичиро шагнал хүртэгчдийг танилцуулж, шагнал олгосон үндэслэлийг тайлбарлахдаа, “МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нарын цахимаар заадаг “Монголын эрх зүйн тогтолцооны үндэс” хичээл нь Нагояагийн их сургуулийн төгсөгчид төрөлх Нагояагийн их сургуулийн оюутнууддаа хичээл зааснаар мэдлэгийн эргэлтийг бий болгож буй олон улсын боловсролын сайн жишиг хэмээн өндрөөр үнэлжээ. Түүнчлэн Монгол Улсын ардчилалд шилжсэн үйл явц, мөн салбар эрх зүйн тогтолцооны талаар мэргэжлийн багш нараас суралцах нь оюутнуудын үзэл бодлын хүрээг тэлж байгаагаас гадна, нэмэлт тайлбар болон бодит жишээний хэлэлцүүлэг нь ойлголтыг гүнзгийрүүлж, хичээлийн хүртээмжийг илүү нэмэгдүүлж байгааг онцолсон байна. Цаашид Нагояагийн их сургуулийн багш нар заах “Японы эрх зүйн тогтолцоо” хичээлийг шинээр бий болгохоор төлөвлөж байгаа нь харьцуулсан эрх зүйн судалгаа, хамтарсан эрдэм шинжилгээний ажлын суурь болно гэж үзэж байна.” гэв.

 

Мөн энэхүү шагналтай холбогдуулан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Б. Амарсанаа, “Монголын эрх зүйн тогтолцооны үндэс” хичээл нь Японы Токай бүс нутгийн улсын их сургуулуудын холбооны тэргүүний нэрэмжит шагнал хүртсэн тухай мэдээг сонсоод маш их баяртай байна. Энэхүү хичээл нь МУИС болон Нагояагийн их сургуулийн 20 гаруй жилийн турш хөгжүүлж ирсэн найрсаг хамтын ажиллагааны үр дүнгийн нэг илрэл юм. Цаашид уг хичээлийг үргэлжлүүлэн улам баяжуулахын зэрэгцээ Нагояагийн их сургуулийн багш нарын заахаар төлөвлөж буй “Японы эрх зүйн тогтолцоо” шинэ хичээлээр дамжуулан манай хоёр сургуулийн найрсаг харилцаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэж найдаж байна.” хэмээн онцолсон.

Энэхүү шагналыг хүртэхэд Монгол Улсаас цахимаар хичээл заан хамтран ажилласан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б. Амарсанаа тэргүүтэй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нар, Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургууль болон Азийн эрх зүйн солилцооны төв (CALE)-ын багш, ажилтан, оюутнууд зэрэг маш олон хүн чухал үүрэг гүйцэтгэсэн. Хамтран ажилласан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Японы Токай бүс нутгийн улсын их сургуулуудын холбооны тэргүүний нэрэмжит “Боловсролын шилдэг туршлага” шагнал гардуулах ёслолын ажиллагааны тухай Нагояагийн их сургуулийн албан ёсны цахим хуудсанд мөн мэдээлсэн. Дэлгэрэнгүйг дараах холбоосоор үзнэ үү: https://www.nagoya-u.ac.jp/info/kikou/20260827_news.html